Wednesday, July 29, 2009

Суврага Хайрхан”-ыг тахих ёслол


2009 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Н.Батбаяр Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаж, 7-р сарын 19, 20-ны өдрүүдэд зохиогдох төрийн тахилга буюу “Суврага Хайрхан”-ыг тахих ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажилтай танилцсан юм.

Томилолтын үндсэн зорилго нь төрийн тахилгыг зохион байгуулах газрыг сонгох явдал байсан ба УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Ламбаа, Архангай аймгийн Засаг Дарга Т.Цэдандамбаа, Архангай аймгийн ИТХТ-ийн дарга Д.Мөнхбат, Төрийн Ёслолын албаны ахлах референт Д.Нямбаяр, Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тахилгыг зохион байгуулах боломжтой газруудтай биечлэн танилцжээ. Үүнд, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Тахидаг толгой”, Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт орших Тавцан уул, Цэнхэр сумын Орхон багийн “Газар хагалдагийн нуруу” болон “Өндөр толгой” зэрэг газрууд багтсан байна.

Мөн түүнчлэн, УИХ-ын гишүүн Н.Батбаяр Цэнхэр сумын Цэцэрлэг, Цэнхэр, Орхон багуудын ахмад иргэдтэй уулзаж, “Суврага Хайрхан”-ыг тахих уламжлалт ёс заншлын талаар судалсан юм. Сумын ахмадууд “Суврага Хайрхан”-ыг тахих явцад ууланд гарахдаа “Өндөр хаан” хэмээх дууг эгшиглүүлж, мөн хайрханы сахиус болох нуур руу сүүн цацал өргөх зэрэг ёсыг сахих нь зүй хэмээн анхааруулж байсан юм.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр аймгийн Засаг дарга Т.Цэдэндамбаад төрийн тахилгын нарийвчилсан хөтөлбөрийг яаралтай гаргаж, холбогдох хүмүүст хүргүүлэх үүрэг өгөв. Мөн Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргалыг тахилгад шаардагдах зүйлс, тухайлбал, Ерөнхийлөгч болон тахилгад оролцох төрийн түшээд, албаны хүмүүсийн байрлах байр, унаа мал зэргийг бэлдэх даалгавар өгсөн юм гэж УИХ-ын гишүүн Н.Батбаярын ажлын албанаас мэдээллээ
http://202.180.218.253/open-parliament/index.php?option=com_content&view=article&id=1105:2009-07-15-01-51-48&catid=466:2009-05-26-07-59-27&Itemid=754