Илгээлт мэндчилгээ
Архангай аймгийн Хангай сум байгуулагдсаны 80 жилийн ойд
2005.07.20
Үзэсгэлэнт сайхан байгаль, уул ус, ургамал жимс, ан гөрөөс, араатан жигүүртний өлгий болсон Хангай сумын ард иргэд ээ!
Сум байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тань тохиолдуулан айл өрх бүрт аз жаргалыг ерөөж, нийт хангайчууддаа болон энэ сумтай ажил амьдралаараа холбоотой бүх хүмүүст эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье.
Нутгийн нэр, байгалийн үзэсгэлэнгээ хол ойрын гийчдэд дуурсгасан Ноён, Хатан Хангай, Нарийн, Бүдүүн Гичгэнэ, Баясгалант, Чандмань, хайрхан, Унтаа Ямаат, Урд Тэрхийн уулс хийгээд Тэрхийн гол, тэнүүн хангайнхаа дунд үе дамжин аж төрсөөр ирсэн ажилсаг малч Та бүхний үүсгэн байгуулж хөгжөөн дэвжээж буй Хангай сум шинэ цагийн бүтээн байгуулалт, аймаг орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирснийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Үүсэл хөгжлийнхөө наян жилийн хугацаанд танай сумын нийт хүн ам өнөржин өсч, эрүүл мэнд, боловсрол соёл дээшлэн дэвжсэний зэрэгцээгээр хөдөлмөр бүтээл, урлаг-спорт, эрдэм судлалын олон арван алдар гавьяатан энэ нутгаас төрөн гарч эх нутгийнхаа нэр сүрийг улс орондоо дуурсгасныг манай ард түмэн сайн мэддэг билээ.
Нийгэм эдийн засгийн зарим нэгэн бэрхшээл байсаар байгаа ч Хангай сумын хөдөлмөрч олон түмэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлсээр байгаа нь сайшаалтай. Уул хангай, ус гол, үржил шим нь цогц бүрэлдсэн энэ сайхан нутгийнхаа эзэн нь болсон хэн бүхэнд хийж бүтээх ажил үйлс их байна. Эртнээс нааш өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн сарлаг үхрийнхээ сааль шимийг арвитган сүү, цагаан идээ үйлдвэрлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эд боловсруулах, жижиг дунд үйлдвэр, хоршоо байгуулан ажиллуулах өргөн боломж та бүхэнд нээлттэй.
Үүнд гагцхүү ард иргэд Та бүхний хичээл зүтгэл, санал сэдэл юу юунаас илүү чухал гэдгийг хэлье.
Хангайчууд аа! Сумынхаа 80 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу нутгийн ард иргэд, өөрөө удирдах ёсны болон төр захиргааны байгууллага, түүний удирдлагууд Та бүгд төр засгийнхаа бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч бодитойгоор цэгнэн дүгнэж цаашдын зорилтоо тоймлож, ирээдүйдээ ихийг бүтээхээр зориг, зорилго дүүрэн байгаа гэдэгт Төрийн тэргүүн миний бие итгэлтэй байна.
Та бүхэндээ урьд урьдаас илүү их аз хийморь, амжилт ололт, олз омог, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хангай сум цэцэглэн хөгжих болтугай.
МОНГОЛ УЛСЫН НАМБАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР
2005 оны долоодугаар сарын 20
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Архангай аймгийн Эрдэнэмандал сум байгуулагдсаны 80 жилийн ойд Арын сайхан хангай нутагт тулгаа тулж, галаа бадраан анх үүсэн байгуулагдсанаасаа хойш эдүгээ 80 дахь жилтэйгээ золгож байгаа баярт үйл явдлыг тань тохиолдуулан Эрдэнэмандалчууд Та бүхэндээ Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, хүн бүрт эрүүл энхийг ерөөе.
Хангай хээрийг эмжээрлэн урсах Хануй, Хүнүйнхээ голоор ундаалсан уужим дэлгэр нутагтаа үе дамжин аж төрж амьдарсаар ирсэн ажилсаг, малч удамт Та бүхэн сум байгуулагдсаны тэгш их ойгоо бахархам ололт, бахдам амжилтаар угтаж байгаа нь лавтай. Танай сумаас улс орондоо нэртэй, удам хойчтоо хүндтэй, нэр алдраа дуурсгасан засаг төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, хөдөлмөр бүтээлийн сайчуул, онол ухааны эрдэмтэд олон арваараа төрөн гарсныг Монгол түмэн сайн мэдэх билээ.
Эдгээр олон сайчуудынхаа удмыг залгаж, ухааныг нь өвлөсөн өнөөгийн Эрдэнэмандалчууд эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлсний дээр хийж бүтээснээрээ өрсөлдөх, мэдлэг чадвараараа уралдах зах зээлийн нийгмийн шударга өрсөлдөөний дунд чадварлаг зохицож, өөрсдийн нөөц боломжоо дайчлан уйгагүй хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Угтан ирж байгаа он жилүүд Та бүхнээс улам ихийг хийж бүтээж, хэрэгжүүлж гүйцэлдүүлэхийг шаардсаар байна.
Тэр бүхэнд хойргошин хойш суулгүй, цагийн аяс, нийгмийн хандлагыг даган өмнөө тавьсан зорилтдоо хүрэхийн тулд хүн бүр, дор бүрнээ бодож тунгааж, шинийг санаж сэдэж ажиллах нь зүйтэй.
Тэгж чадна гэдэгт ч Төрийн тэргүүн миний бие Та бүхэндээ бүрэн итгэж байна. Эрдэнэмандалчууд аа!
Та бүхэн хүний хөгжлийн үндэс болсон эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллаа сайжруулан, амьжиргааныхаа түвшинг дээшлүүлэн сум орноо хөгжүүлэх талаар илүү ихийг хийж, ирж буй цаг хугацаа, он жилүүддээ улам бүр өөдрөг, аз жаргалтай байж, сайн ажиллаж, сайхан амьдрахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Эрдэнэмандал сум цэцэглэн хөгжих болтугай.
http://www.president.mn/show_module.php?index=message&msgid=19
Ай.. Ай даа...
-
Миний буруугаас буудал өнгөрөөд явчихсан уу? Ямар нэртэй буудал?
Юу?Хүргээд өгий гэхэд яалаа!....За нэг юм сараачаадахаас. Банжигаа санаад
баахан блог унш...
11 years ago
No comments:
Post a Comment