Архангай аймгийн түшиц сургуулиудын бага ангийн багш нар сургалтын үеэрээ зохион байгуулсан бас нэг шинэлэг үйл ажиллагаа нь өөрсдийн олж авсан мэдлэгээ хэрэглээ болгох, сургалтын агуулгыг хэрхэн эзэмшсэнээ тандах, туршлага солилцох, төслийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах зорилгоор Батцэнгэл сумын 1-5 дугаар ангийн эцэг эхчүүдийг хамарсан “Эцэг эхийн нээлттэй өдөрлөг буюу өртөөчилсөн аялал”-ыг 2007 оны 3 дугаар сарын 27-ны 18:00 цагт зохион байгууллаа.
Өртөөчилсөн аялалыг 5 өртөөтэйгээр зохион байгуулж сум бүрийн багш нар өртөөг ажиллуулав:
Төслийн танилцуулга, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулга хийх “Гараа” өртөөг Эрдэнэмандал сум
Ангийн номын сангийн зорилго, үйл ажиллагаа, түүнийг түшиглэн сурагчдыг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцооны талаар мэдээлэл солилцох “Хорго” өртөөг Тариат сум
Номын богцоор дамжуулан сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд багш, эцэг эхийн хамт ажиллагааг харуулах “Дайрт бор” өртөөг Батцэнгэл сум
Ангийн номын сангаа хэрхэн баяжуулах вэ, сурагчдыг зохиолч болгоход жижиг номын ач холбогдлыг үзүүлэх “Жижиг ном” өртөөг Хотонт сум
Эцэг эх, сурагчид хамтран бүтээх “Том ном” өртөөг Ихтамир сумын багш нар тус тус ажиллуулан сургалтын үеэр сурсан зүйлээ эцэг эхчүүд болон сургалтанд оролцогчдод танилцуулсан юм.
Өдөрлөгийн төгсгөлд эцэг эхчүүдтэй уулзан өдөрлөгийн үйл ажиллагаа болон төслийн талаарх санал сэтгэгдлийг нь сонссон билээ.
Батцэнгэл сумын эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Батгэрэлсайхан:
Төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авч үзэсгэлэн үзсэнээр хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшин, тэднийг ном унших дур сонирхолтой болгоход эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага ихээхэн хэрэгтэй гэдгийг ойлголоо. Орчин үед мэдээлэл технологийн эрин үе эхэллээ гэж их ярьдаг болсон. Манай суманд Датакомын захирал Б.Энхбат ирээд бид нартай уулзаж байхдаа “Хүн интернэтээс мэдээлэл авдаг болохоос мэдлэгийг авдаггүй” хэмээн хэлж байсныг энэ өдөрлөг үнэхээр баталлаа. Манай оронд хэвлэх үйлдвэр олноор нэмэгдсэний хэрээр хүүхдэд зориулсан ном гарын авлагууд нэг үеэ бодвол нэлээд хэвлэгдэж байна. Одоо харин тэдгээр номуудыг амилуулж хүүхдийнхээ хэрэглээ болгоход эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллах, тоглох, үзэл санаагаа хуваалцах зэргээр ойр дотно ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.
4б ангийн сурагч А.Тэмүүлэнгийн аав Ариунболд:
Зохион байгуулалт сайтай сайхан өдөрлөг болж байна. Сэтэгдэл маш өндөр байна. Энэ өдөрлөгт ирснээрээ өөрийн эрхгүй хүүхэдтэйгээ хийж бүтээж хамтарч ажиллах сэтгэл төрлөө. Та бүхэнд баярлалаа.
Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий эмч, МУ-ын хүний гавьяат эмч О.Дашдэндэв:
Манай суманд хөдөөгийн сум багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сүлжээг бэхжүүлэх нь төслийн сургалт үр дүнтэй сайхан болж байна.
Батцэнгэл, Ихтамир, Эрдэнэмандал, Хотонт, Тариат сумын бага ангийн багш нар сургалтын явцдаа зөвхөн өөрсдөө суралцаад зогсохгүй тайлан үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүдийг хамарсан уулзалт зохион байгуулж байна. Би олон сургалтанд сууж оролцож явсан. Харин энэ сургалт хөрсөндөө ингэж сайхан бууж байгааг хараад энэ багш нараар бахархах сэтгэл төрлөө. Үзэсгэлэнгийн явцад эцэг эх бид чинь эргээд хүүхэд ахуйдаа очиж, ном уншиж, үлгэрийн баатар болж, жижиг ном минут хүрэхгүй хугацаанд бүтээж олон зүйлийг мэдэрлээ.
Эмч хүний хувьд эмнэлгийн орчноос тасран, эргэж хүүхэд ахуйдаа очин сурч байгаа юм шиг сэтгэл төрлөө. Өмнө нь би үзэсгэлэн үзэж харж явснаас хамтран оролцож, үлгэрийн баатар болж, хүүхэд шиг ном уншиж, жүжиглэж, жижиг ном хийж, наргиантай сайхан орчинд орж байгаагүй. Сургалт гэдэг ингэж хөрсөн дээрээ буухыг хараад эдгээр багш нар их л юм хийх хүмүүс юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм. Сургалтыг БХАН-ийн үндэсний сургагч багш нар, Батцэнгэл сумын багш нартай хамтран зохион байгуулж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байх шиг санагдлаа.
Ном дор мөргөмүйБагш дор мөргөмүй Номын цагаан буян чинь хурж Нандин албаа дэлгэрүүлж явах болтугай. Өглөө бүр шинийг сэтгэжӨдөр бүр ихийг бүтээж Хүнд хүсэгдэж Тэнгэрт тэтгэгдэж яваарай гэж нийт багш нартаа хүсье.
Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Т.Баянжаргал
Хөдөөгийн боловсролыг дэмжих төслийн суурь үндсийг манай сумаас эхэлсэнд талархаж байна. Эцэг эхчүүд багш нартайгаа хамтарч ажиллан энэ төслийг үр дүнг та бүхэнд харуулж чадна гэдэгт итгэж байна. Энэ өдөрлөгт оролцсоноор хүүхэдтэйгээ яаж ажиллах, номонд хандах хандлагыг сайжруулах номонд дуртай болгох гэх мэт олон зүйлийг сурч мэдлээ. Эцэг эхчүүд бид чинь маш олон зүйлийг бодоогүй, сэтгээгүй, санаагүй, явдаг юм байна. Цаашид хүүхдээ хөгжүүлэхийн төлөө багш нартайгаа байнга хамтарч ажиллах болно.
Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Д.Энхтуяа
Өнөөдрийн сургалт нь багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцааг нарийн уялдаатай болгож эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд маш их дэмжлэг, туслалцаа үзүүллээ. Өмнө нь сургууль түшиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна гэж сонссоноос биш эцэг эхчүүдтэй уулзаж үйл ажиллагаандаа хамруулж байсныг ер сонсоогүй. Энэ төсөл анхнаасаа ингэж бидэнтэй уулзаж үйл ажиллагаандаа оролцуулж байгаа нь их сайхан санагдлаа. Манай орны боловсролын салбар одоо л зөв голдрилдоо орж байх шиг. Бидний өсвөр үеийнхний унших, бичих, бодох, сэтгэх, ярих, ирээдүйд сайн хүн болон төлөвшихөд онцгой анхаарал тавьж байгаа та бүхэндээ баярлалаа.
1б ангийн сурагч Дуламжавын ээж Эрдэнэцэцэг
Бидний хүүхдийг хөгжүүлэхэд бүх талаас нь анхаарч ангиудыг номын сантай болгон, номын сангаа түшиглэн сурагчдаа хөгжүүлэх арга зүйг багш нарт нь зааж өгч байгаад ээж хүний хувьд маш их баярлаж байна. Өнөөдөр биднийг цуглуулж олон сайхан зөвлөгөө өгч, хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшүүлэн хэсэг хормыг ч гэсэн хоосон өнгөрөөлгүй үр дүнтэй сургалт явуулсан та бүхэнд маш их баярлалаа.
http://www.mongoleducation.mn/modules.php?ss=4&id=288
Ай.. Ай даа...
-
Миний буруугаас буудал өнгөрөөд явчихсан уу? Ямар нэртэй буудал?
Юу?Хүргээд өгий гэхэд яалаа!....За нэг юм сараачаадахаас. Банжигаа санаад
баахан блог унш...
11 years ago
No comments:
Post a Comment