Wednesday, March 4, 2009

Ууган дөрвийн нэг Архангай

Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг Архангайн байгаль, түүх, соёл, хүмүүсийн тухай өгүүлэх зурагт ном.Манай нэртэй эрдэмтэн судлаач нар бүлэг бүлгээр нь нягтлан шүүсэн эл номонд Монгол Улсын Ерөнхийлөгч мялаалгын үг бичиж, Улаанбаатар хот дахь Архангай аймгийн нутгийн зөвлөл, “Хангайнхан” клубийнхэн мэндчилгээгээ хамтатгасан байна. Ном есөн үндсэн бүлэгтэй. Тус аймгийн түүхийг үечлэн багтаасан төдийгүй, бүлгүүдийн завсраар шигтгээ хэсгийг хавсарган оруулж, түүндээ нутгийнхаа тухай ардын аман зохиолоос болон тухайн бүлэг сэдэвтэй холбоотой бүтээлээс сонгон нийтэлжээ. Номыг нэг талаас сонирхолтой, нөгөө талаас танин мэдэхүйн өгөөжтэй болгохоор Архангай нутгаас төрсөн алдартнуудын нэрийн жагсаалтыг төрөлжүүлэн оруулж, баримтыг өмнө хэвлэгдэж байгаагүй түүх архивын гэрэл зургаар баяжуулсан байна.Архангай аймгийн сумд, хүн ам, мал сүрэг, нийгэм эдийн засаг, байгаль, түүх, соёл, хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл авах, ус нутгийнхаа талаар үр хүүхэд, хойч үедээ танин мэдүүлэхэд шинэ ном бодит тулгуур болох гарын авлага болжээ. Хатуу хавтастай, өнгөт зурагтай чанарын өндөр түвшинд хэвлэсэн шинэхэн номыг Улаанбаатар хот дахь номын дэлгүүрүүдээр түгээх зуураа номын зохиогч, эмхэтгэгч Ё.Баатарбилэг “Өнөөдөр” сонины номын санд авчирч хандивласанд талархсанаа илэрхийье.

No comments: