Wednesday, March 4, 2009

Архангай аймгийн Ихтамир Сумын танилцуулга

Сум байгуулагдсан түүх1931 онд явагдсан засаг захиргааны шинэчлэлтээр Ихтамир сумыг 3.4 мянган хүн ам 500 орчим өрхтэйгээр бие даалган байгуулжээ. Өнөөдөр тус сум 5.5 мянган хүн ам, 4.8 мянган км2 нутаг дэвсгэртэй, өрхийн тоо 1383 хүрээд байна.

Нутгийн удирдлагын байгууллагын бүтэц
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2004 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд улс төрийн хоёр намыг төлөөлсөн 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг дээд байгууллага юм. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өдөр дутмын үйл ажиллагааг ИТХ-ын даргаар толгойлуулсан Тэргүүлэгчид эрхлэн гүйцэтгэдэг.

Сумын Засаг даргын тамгын газар (ЗДТГ) нь Засаг дарга, тамгын газрын дарга, багийн дарга, байгаль хамгаалагч, төрийн сангийн төлөөлөгч, хүнс хөдөө аж ахуйн түшмэл, байгаль орчны улсын байцаагч, газрын даамал, нийгмийн даатгалын байцаагч, татварын байцаагч, хүн ам зүйн байцаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа, бичиг хэргийн эрхлэгч, үйлчлэгч, жолооч зэрэг 26 үндсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь Тайхар, Хөхнуур, Хан-Өндөр, Бугат, Борт, Эрдэнэтолгой гэсэн 6 багтай.

Хүн эмнэлгийн салбар, ахлах (11-н жилийн) сургууль, цэцэрлэг, Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станц (ӨУБЭШС), соёлын төв, номын сан, эрчим хүч түгээлтийн салбар, усны харуул зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд ба төрийн мэргэжлийн зарим үйлчилгээг эрхэлдэг мал эмнэлэг, үржлийн алба үйл ажиллагаа явуулж байна.
Нутгийн удирдлагын байгууллагын бүтэц



Газарзүй, цаг уурын нөхцөл, байгалийн нөөц баялаг

Нутаг дэвсгэр, газар зүйн байршил. Ихтамир сум Архангай аймгийн нутгийн төв хэсэгт баруун талаараа Чулуут, хойгуураа Өндөр-Улаан, урдуураа Булган, Эрдэнэбулган, зүүн хойгуур Эрдэнэмандал, зүүн талаар Батцэнгэл сумтай тус тус хил залгаж 4.8 мянган км2 нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Баруун урд талаараа Баянхонгор аймгийн Галууут ??? сумтай уулархаг газраар зурвас хиллэнэ. Сумын төв нь Цэцэрлэг хотоос 27 км, Улаанбаатар хотоос 500 км-т орших Заанхошуу хэмээх газар Хойт Тамирын голын эрэг дээр төвлөрдөг.Ихтамир сумын нутаг дэвсгэр нь Хангайн нурууны тусгай хамгаалалттай газарт хамаарах Хангайн гол ноён нурууны төв хэсгийн уулсын зүүнээс Тамир, Хануйн голыг дагаж зүүн тийш сунаж, хангай-тал хээрийн өвөрмөц хослол үүсгэсэн газарзүйн онцлог тогтоцтой. Нутгийн баруун зах нь уулархаг (нутгийн 40 хувийг уул нуруу эзлэдэг), ой хөвчтөй, харин дунд ба зүүн хойд хэсэг нь ойт хээрийн бүсэд багтана. Ихтамир сумын нутаг далайн түвшнээс дунджаар 1600-2525 метр өргөгдсөн. Хамгийн өндөр цэг болох Гурван Анагийн оргил нь 3449 метр. Хойт Тамир, Хануй, Хүнүй, Жаргалант, Өлөнт, Баянцагаан зэрэг хүн, малын ундаа болсон жижиг гол, горхи, булаг шандтай. Хойт Тамирын голын эхний тагийн бүсэд далайн түвшнээс 2668 м орчим метр өндөрт байдаг Хөх нуур нь манай орны хамгийн өндөрт байрладаг цэнгэг устай нуур юм. Өндөр уулын таг газар байгалийн өвөрмөц тогтолцоог бүрдүүлдэг энэ нуурын мандлын талбай нь 6.7 км2. Түүнчлэн жижиг нуур, цөөрөм, тогтоол ус сумын нутгаар тархсан болно.

Цаг уур, ургамалшилт
Монгол орны цаг уурын нийтлэг төрх болох эх газрын эрс тэс уур амьсгалын хувьд нэлээд зөөлөвтөр хэсэгт Их тамир сумын нутаг дэвсгэр хамаардаг боловч улирал, сарын хэлбэлзэл ихтэй байдаг нь нутаг дэвсгэрийн өндөрлөг, хэрчигдэлттэй шууд холбоотой. Хангайн нуруунд хөрсний чийгийн ууршилт ихтэй, хур тундас элбэг байдаг. Жилд дундажаар 258 мм тунадас унадаг. Жилийн тунадасны 90% шахам нь дулааны улирлалд ногддог. Өвөл дунджаар 5-10 см зузаан цасан бүрхүүл тогтох боловч ихэнх нь уулархаг газраар унадаг. Дулааны улиралд +200С, өвлийн цагт -15-200С хүрнэ. Жилийн дундаж хэм -2...-40С байдаг. 9-р сарын ихээр анхны цас, гандуу биш бол анхны бороо 5-р сарын дунд үеэс орно. Хөрсний хувьд шимт давхарга нь төдийлэн зузаан биш, ойт хээрийн бүсэд 15-20 см, тал хээрийн бүсэд 20-25 см орчим. Ер нь цаг уур, газарзүй-экологийн ба нутаг дэвсгэрийнх нь байршлын онцлогтой хамааралтайгаар тус суманд ургамал, амьтны нэн баялаг нөөц, төрөл зүйл бүрэлдэн тогтсон гэж хэлж болно. Говь, заримдаг цөлийн унаган ургамлаас бусад зүйл ургамал манай суманд бий. Ургамлан нөмрөг нь ийнхүү баялаг тул түүнийг дагасан олон төрөл зүйлийн зэрлэг амьтад, шувуу амьдарна.

Байгалийн нөөц баялаг
Ихтамир сумын байгаль-цаг уурын онцлог ба газар зүйн байршил нь үйлдвэрлэлийн ба ахуйн зориулалтаар ашиглах боломжтой байгалийн олон төрлийн нөөц бий болох үндсэн нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Мод бэлтгэлийн ба ойтой холбоотой нөөц баялгийг агуулдаг хармод, гацуур, хуш, нарс, бургас, хус, хайлаас зэрэг төрөл бүрийн мод бүхий ой сумын нутгаар хэсэгчилсэн ба түгээмэл тархсан бөгөөд бүх нутаг дэвсгэрийн 27 хувийг ойн нөөц бүхий газар эзэлдэг.
Сумын нутаг дэвсгэрийн ургамлын нөмрөг нь таг, өндөр уул, ойт хээр, хээр, намгархаг газруудад тархсан бүх чийгсэг, хуурайсаг гол зүйл ургамлаас бүрдсэн эмийн, тэжээлийн ба бусад хэрэглээний ургамал элбэгтэй.
Ялангуяа зэрлэг жимс, самар, мөөг зэрэг өрхийн хэрэгцээнд болон жижиг үйлдвэрлэлийн хэмжээнд боловсруулах боломжтой ашигт ургамлын нөөц ихтэй. Сумынхны хийсэн баримжаа тооцоогоор самар сайн ургасан жил тус сум 40-50 сая төгрөгийн самар борлуулж, мөн 2-3 тонн жимс боловсруулах наад захын нөөцтэй ажээ.
Чулуун нүүрс, жонш, төмрийн хүдэр, шохой зэрэг ашигт малтмал, хар хүрэн, улаан зос, сайн чанарын наанги шорооны орд, нөөц бий. Одоогоор сумын төвөөс зүүн чигт орших Баянцагаан дахь 2 сая тонн антрацит нүүрсний нөөц бүхий гүний ордыг хувийн хэвшлийн нэгж ашиглаж аймаг, ойр орчмын сумын төвүүдэд нийлүүлж байна. Цаашдаа тоосго, хайрга, элс, шохой зэрэг барилгын сайн чанарын материал үйлдвэрлэж аймгийн хэрэгцээнд зохих байр суурь эзлэх бүрэн боломжтой сумын нэг нь Ихтамир юм. Түүнчлэн Засгийн газраас саяхан батлан бүх аймаг, сумдад хэрэгжүүлж эхэлсэн “40000 мянган орон сууц” хөтөлбөр барилгын материалын ирээдүйтэй зах зээл байх үдэслэлтэй юм.
Ан амьтадаас буга, аргаль, янгир, ирвэс, шилүүс, гахай, бор гөрөөс, чоно, тарвага зэрэг ан амьтан ихтэй. Тамир, Хануйн гол төрөл бүрийн загастай. Хун, галуу, хойлог, шонхор, зэрэг 50 гаруй төрлийн жигүүртэн шувууд бий.

Газрын нөөц

Ихтамир сум нь 484586 га газартай, түүний дотор ХАА-н зориулалттай газар 352472 га, бэлчээр 348430 га, хадлан 2365 га, тариаланд тохиромжтой газар 1651 га, ойн нөөц 131000 га, усны эдэлбэр газар 1440 га эзлэхээс гадна тусгай хамгаалалттай газарт 104000 га, зам шугам сүлжээний газарт 544 га, хот суурингийн эдэлбэр газарт 302.4 га, уул уурхайн газарт 3.4 га хамаардаг.

Түүх соёлын дурсгалт газрууд
Тамирын голын хөндийд байх Хүннү, Түрэгийн үеийн булш, бунхан, хүн чулуу, буган хөшөө, бичээс бичигт хад зэрэг түүх-соёлын үнэт дурсгалууд эртний судлаачид төдийгүй жуулчид, аялагчдыг зүй ёсоор татдаг, хүмүүс олноор ирж үзэж сонирхдог юм. Сумын төвөөс 4 км зайтай Тамирын голын хөвөөнд улс даяар алдартай “Тайхар” чулуу хэмээх байгаль түүхийн гайхамшигт нэгэн дурсгал, голын тэгшхэн зүлгэн дунд хүний гараар бүтсэн хөшөө дурсгал мэт дүнхийн оршино. Тайхар чулуун дээр Уйгар, Түрэг, Персийн үеийн тод үсэг, манж, хятад, ланз, төвд, худам монгол зэрэг олон хэлээр бичсэн 150 гаруй бичиг тэмдэглэлээс гадна шинэ чулуун зэвсгийн үеийн улаан зосон сүг зураг байгааг судлаачид тогтоожээ.
Аялал жуулчлал
Хангайн нуруу, түүний дотор Ихтамир сумын нутаг дээр үеэс айлчид, жуулчид, аялагчдыг татаж ирсэн түүхтэй. Тус сумын нутаг дээр, тухайлбал Тайхар чулууны орчимд жуулчны 3 бааз байгуулагдан ажиллаж байгаа нь Тайхар чулуу, Тагийн Хөх нуур болон байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэж байгуулагдсан юм. Түүнчлэн Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуурын байгалийн аялал жуулчлалын үндэсний маршрут болон Суман, Чулуут голын загасчлах аялалын зам дайрч өнгөрдөг нь аялал жуулчлал хөгжихөд таатай нөхцөл бүрдүүлж байна.
Хүн ам зүй, хүний нөөц, чадавхи
Хүн амын өсөлт
2006 оны эцсийн байдлаар тус сум 1383 өрхтэй, нийт хүн ам 5585-д хүрчээ
delgerengui medeeleliig ene linkeer orj sonirhono uu ? http://www.ledmongolia.com/#

No comments: