Wednesday, March 25, 2009

Цэцэрлэг хотын танилцуулга

Цэцэрлэг хотын суурийг анх ХV зууны сүүлчээр Өвөрхангай аймагт орших эртний Эрдэнэ зуу хийдийг сэргээн засварлахаар ирсэн Францын уран барилгачдын байгуулсан жижиг сүмийн барилгад түшиглэн тавьсан. 1922 онд томоохон хүрээ хийд засаг хошууны хувилгаадын нэрээр нэрлэж байсныг өөрчлөн, уул усны нэрээр нэрлэх болж, орон нутгийн засаг захиргааны анхны зохион байгуулалтаар аймгийн чуулган, даргын захиргааг Цэцэрлэг мандлын аймгийн яам болгож, Заяын шавийн Эрдэнэбулган уулын хошуу гэж нэрлэн, Цэцэрлэг мандлын аймгийн төв болсноор Цэцэрлэг хот хөгжлийнхээ шинэ үетэй залгасан юм.

1992 оноос Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Эрдэнэбулган сум гэж нэрлэгдэх болжээ.
2005 оны байдлаар Цэцэрлэг хот 18.0 мянга гаруй хүн амтай байгаа нь Монгол улсын хүн амын 0.7 хувийг эзэлдэг Монгол улсын төв хэсэгт оршиж байгаа хотуудын нэг болоод байна. Цэцэрлэг хот нь Улаанбаатар хотоос 490 км зайд оршдог. Үүний Улаанбаатар хотоос Хархорин хүртэл 360 км зам нь хатуу хучилттай, үлдсэн 130 км зам нь шороон зам юм. Агаарын тээвэргүй, хот хооронд ба хот доторхи нийтийн тээвэрт хувийн хэвшлийнхэн голлон микроавтобус, таксигаар үйлчилж байна. Хот нь 19.7 км хатуу хучилттай болон сайжруулсан шороон замтай.
Хотын хүн амын насны бүтцэд зонхилох хэсгийг хөдөлмөрийн насны хүн, дараа нь хүүхэд эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн ам, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсч, ажиллагсадын тоо 2005 оны байдлаар 4754 болж, өмнөх оноос 0.7 хувиар өссөн байна.
Ерөнхий боловсролын сургуульд 6234 хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх насны хүүхдийн 47.0 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, сургууль завсардсан хүүхэд 24.0 хувиар буурсан. “ Гурван тамир “ дээд сургууль, Багшийн коллеж, Архангай мэдээлэл зүйн дээд сургуул“, “Булган“ дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 1573 оюутан суралцаж байна.
Цэцэрлэг хотын нийт хүн амын 8,0% нь усан хангамж ариутгах татуургын төвлөрсөн хангамжтай орон сууцанд оршин суудаг. Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системтэй, эх булаг нь хотын төвөөс баруун урагш 4 км “ Таруугийн голын “ эрэгт байрлах ба 1000м3 ус шахах хүчин чадалтай 2 усан сантай. Ихэнх үйлдвэр албан газрууд нь ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ба энэ шугамаар хэрэглэгчдийн бохир усыг татан насосны стөнцаар дамжуулан 2ш шүүх талбайд шахаж байна. Дулаан хангамжийн бие даасан систем, 8 жижиг зуухтай. Эдгээр нь хотын доторхи төсвийн байгууллага, ААНэгж, орон сууцыг халаалтын болон хэрэглээний халуун усаар хангадаг.
Хотын байгалийн үзэсгэлэнт газрууд нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хүчин зүйл болдог ба орон нутгийг судлах музей нь 10 мянга гаруй үзмэртэй байдаг нь жилд дунджаар 12 мянга гаруй гадаад, дотоодын жуулчидад үйлчилдэг байна. Иймээс Булган уулыг түшиглэн төв халхын түүх, соёл, зан үйлийн цогцолбор байгуулахаар эхний ээлжинд Бурхан багшийн сэрэг дүрийг босгон, цогцолборын зураг төсөв хийгдэж байна.

http://mauc.org.mn/index.php?Itemid=90&id=58&option=com_content&task=view

No comments: