Wednesday, March 25, 2009

Архангайн сайн малчдын шагналыг гардуулав

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон энэ сарын 3-6-нд Архангай аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Булган, Тариат сумаас төрөн гарсан Монгол улсын сайн малчдын шагналыг гардуулсан байна.

Архангай аймгийн Булган сумын харьяат малчин Д.Жамбалжамц 1990 оноос бие даан мал маллаж 18 жилийн дараа 4000 толгой мал тоолуулсан амжилтаар улсын сайн малчны болзол хангажээ. Залуу хүний хувьд түүнийг цаашид ч өсч дэвжих боломжтой гэж Ц.Цолмон сайд хэлээд, эрдэм чадлаа туслах малчиддаа тэр дундаа нутгийнхаа залууст сургахыг захисан юм.

Нэгэн цагт Ж.Намхайнямбуу баатар "Малын хотонд баатрын алтан соёмбо байдаг юм байна" гэж байсанчлан Архангай нутгийн иргэд малынхаа ашиг шимийг хүртэхийн төлөө хөлс хүчээ гарган зүтгэж байгаа нь олон зүйлээс харагдаж байв. Тариат сумын малчин Ч.Сумъяабаатарынх л гэхэд 2009 толгой мал тоолуулснаар Монгол Улсын сайн малчин болжээ. Энэ нь Тариат суманд 18 жилийн дараа ирж буй хүндтэй шагнал болж байгааг тус сумын Засаг дарга Д.Бямбадагва онцоллоо. Тариат сум нь байгалийн үзэсгэлэн цогцолсон газрын хувьд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжиж эхэлжээ. Түүнчлэн хүн ам, малынхаа тоогоор эхний гуравт багтдаг томоохон сумдын нэг. Улсын сайн малчин Ч.Сумъяабаатар долоон туслах малчинтай. Тэдэнд өөрийн хөрөнгөөс тасалж өгчээ. Сумын сайн малчин, аймгийн аварга малчин болж байсан Ч.Сумъяабаатарын зургаан хүүхдийн хоёр нь аавынхаа эрдмийг өвөрлөхөөр үлдэж бусад нь сургууль номын мөр хөөсөн байна. Хүү С.Эрдэнэбилэг нь 1000-аад малтай бөгөөд туслах малчны хамт аавынхаа нөмөр нөөлөг, мал таних эрдэм ухаанаас нь суралцан аж төрж байна. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон "Манай нутагт гандуу, өвс ургамлын гарц муу байгаа гэлтгүй малынхаа ашиг шимийг хүртэн улсын сайн малчны болзол хангана гэдэг амаргүй даваа" гэлээ, Үүний зэрэгцээ гол горхи, нуур ус багасаж байгаа нь малын тарга тэвээрэг, нутаг орны шимт хөрсөнд муугаар нөлөөлж байгааг малчид сайдад ярив.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон улсын сайн малчдад шагнал гардуулсны дараа Тариат, Булган, Өндөр улаан сумын хөдөлмөрчидтэй уулзав. Архангайчууд "40 мянган орон сууц" хөтөлбөрийн хүрээнд сумдад барьж буй дөрөв, найман айлын орон сууц, цаашид хөдөөгийн иргэдийг орон сууцаар хэрхэн хангах, малын хөлийн татвар, иргэн бүрийн газар өмчлөх эрхийн талаар гээд олон сэдвээр санал солилцсон.

Ц.Цолмон сайдын Архангай аймагт ажилласан бүрэлдэхүүнд сайдын зөвлөх Ж.Алтансүх, Архангай хөгжил ассоциацийн тэргүүн Г.Сумъяа, Барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "PIMM" компанийн ерөнхий захирал П.Мэндсайхан, сэтгүүлчид багтжээ.

No comments: