Thursday, March 5, 2009

АРХАНГАЙД ЯДУУРАЛ БОДИТООР БУУРЧ БАЙНА

ХАА-г хөгжүүлэх Олон улсын сангийн Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр Архангай аймгийн 18 сумын 27 багт амжилттай хэрэгжиж байна. Тус аймгийн Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Б.Эрдэнэдаваагийн манай сонинд ирүүлсэн материалыг нийтэллээ. Дашрамд дурьдахад, энэ аймаг анх удаа нэхэл дагал болон байж ХЯБХ-ийн хэрэгжилтийн тухай мэдээгээ ийн ирүүлж байгаа юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн захирал Цэдэндамба “Монгол фермер” сонинг огт захиалахгүй байж болох юм гэсэн санаа цухалзуулж байгаа нь дэндүү болчимгүй үйлдэл гэлтэй. Энэ сонины ач холбогдлыг дэндүү дутуу үнэлж байгаа хэрэг гэж сонины редакци үзэж байна.
Нэг. МАА, бэлчээрийн нөөцийн менежментийн бүрэлдэхүүн хэсэг

1.1 Бэлчээрийн нөөц менежмент. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зорилгоор сум, багийн түвшинд бэлчээрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, бэлчээр ашиглалтын малчдын бүлгүүдийг байгуулан ажиллаж байна.Малчдын бүлгүүд нь бэлчээр, хадлангийн талбайг хашиж хамгаалах, ургацыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, сүү цагаан идээ үйлдвэрлэх, ноосон эдлэл хийх, төмс, хүнсний ногоо тариалах, шохой шатаах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлж орлогоо нэмэгдүүлж байна.Хөтөлбөрт хамрагдсан 18 сумын 27 багийн 38 бүлэг 182.7 га талбай хашиж, 295.6 тн хадлан хураан авсан. Бүлгүүдэд хадлан болон, төмс хүнсний ногооны зориулалтаар бага оврын трактор, усалгааны агрегат, мөн эсгий эдлэл хийх тоног төхөөрөмж, хадлангийн талбай хаших материал, үр олгох зэргээр үйл ажиллагааг нь хөтөлбөрөөс дэмжиж байна. 1.2 Бэлчээрийн усан хангамж: Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд нийтдээ бэлчээрийн 100 худаг уст цэгийг засварлаж, 10 худаг шинээр гаргаж нийт 316.9 мян/га бэлчээр, 324786 толгой мал, 10109 хүн ам, 2271 өрх, 567 хот айлын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Өнгөрсөн онд шинээр гаргасан 10, засварласан 20 худаг уст цэг нь 79.4 мян/га бэлчээр, 97221 толгой мал, 1021 хүн ам, 398 өрх, 103 хот айлын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн.1.3 Мал аж ахуйн салбар: Сумдын хувийн мал эмнэлгийн салбаруудын материаллаг баазыг бэхжүүлэх, эмийн эргэлтийн сан бүрдүүлэх, эмч нарыг сургалтад хамруулж мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг аймгийн 19 сумын хувьчлагдсан мал эмнэлгийн салбарыг хамруулан хэрэгжүүлсэн. Мал эмнэлгийн салбарт нийтдээ 127.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлснээс, эмийн эргэлтийн сан бүрдүүлэхэд 14.7 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний дүнд малын халдварт паразит, халдваргүй өвчний гаралт 2.2 хувь, паразит өвчний гаралт 22.3 хувиар буурсан байна. 1.4 ХААНТ-ийн үйл ажиллагаа: Хөдөөгийн 18 сум, нийт багийн 33.3 хувь буюу 33 багт сургалт мэдээллийн төв байгуулан ажиллаж байна. Энэ төв нь 2004-2007 онд малчид, иргэд рүү чиглэсэн төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж тэдний дотны зөвлөгч болон хамтран ажиллаж байна. Хоёр. Нийгмийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг2.1 Боловсролын салбар: Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд боловсролын салбарт нийт 882.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, үүнээс 290.0 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгдлээ. Тодруулбал, нийтдээ 18 сум багийн сургуулийн дотуур байр болон багийн сургуулийн дотуур байранд 233.2 сая төгрөгийн засвар хийж, 1432 хүүхдийн сурч амьдрах нөхцлийг сайжруулсан. Хөтөлбөрөөс 19 сумын сургуулиудын мэдээлэл зүйн чиглэлээр компьютерээр хангаж, аймгийн боловсрол соёлын байгууллагууд нийтдээ 630 гаруй компьютерийг сургалтад хэрэглэж байна. 2007 оны хичээлийн жилд сургуулиудыг интернэтжүүлэх ажлыг судлан үзэж бололцоотой сургуулиудыг интернэтэд холбох ажлыг шийдвэрлэснээр Хүмүүн-цогцолбор-1, Батцэнгэл, Тариат, Чулуут, Хангай, Цахиур, Цэнхэр, Өгийнуур зэрэг сумдын сургууль интернэтэд холбогдов. Дотуур байранд 2954 сурагч хамрагдаж эдгээр хүүхдийн 96.2 хувь нь малчдын хүүхэд хамрагдав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд буюу 2004-2007 онд сургууль завсардсан хүүхдийн албан бус сургалтыг давхардсан тоогоор 55 сумын 780 хүүхэд, үүнээс эмэгтэй 319 хүүэдийг хамруулан хийж, 58 хүүхдийг ЕБС-д буцаан оруулсны зэрэгцээ бүх хүүхдэд сургалтад хамрагдаж, боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгосон. Хөдөөгийн иргэд алс нутгаас сумын төвд хүүхдүүдээ ирүүлж суралцуулах асуудал хүндрэлтэй байгаад анхаарч дөрвөн багт тус сургалтыг хийснээс, 90 хувьд малчны хүүхэд, түүнээс ядуу болон нэн ядуу айлын хүүхдүүд ч хамрагдсан байна. Мөн багш нарыг сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ авснаар алслагдсан багийн сургуулийн сургалтын чанар эрс дээшилсэн. 2.2 Нүүдлийн цэцэрлэг: Нүүдлийн цэцэрлэгийг зуны гурван сар ажиллуулан малчдын хүүхдийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь хөдөөгийн ард иргэдийн талархлыг хүлээж байна. Мөн гэр цэцэрлэгийг түшиглэн төрөл бүрийн сургалт явуулж, нүүдлийн номын сан ажиллуулж байна. 2.3 Эрүүл мэндийн салбар: Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд Чулуут суманд 120.0 сая төгрөгийн, Төвшрүүлэх суманд 140.0 сая төгрөгийн өртөгтэй стандартын шаардлагад нийцсэн хоёр давхар хүн эмнэлгийн барилгыг шинээр ашиглалтад оруулсан. Чулуут, Хашаат, Төвшрүүлэх, Их-Тамир, Батцэнгэл, Өгийнуур сумын эмнэлгийг стандартын шаардлага хангасан эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангасан. Ингэснээр сум, орон нутагт оношилгооны чадавхи сайжирч, сумын түвшинд үйлчлүүлж байгаа малчдын чирэгдлийг бууруулж хөдөлмөрчдөд хүрсэн үр дүнтэй ажил боллоо. ХЯБХөтөлбөр, ӨАЧДХ-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хөдөөгийн нийт багийн эмч нарыг 100 хувь мотоциклиэр ханган унаажуулж, бүх багийг эмийн фондтой болгосон. Үүний үр дүнд малчдад үзүүлэх анхан шатны үйлчилгээний чанар хүртээмж дээшилж хүн амын болон нялхсын эндэгдэл буурсан. 2.4 Эмэгтэйчүүдийн хөгжил: ХЯБХөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд хөдөөгийн сумдын ажилгүй болон өрх толгойлсон, малчин, ядуу эмэгтэйчүүдийн дунд сургалт сурталчилгааг явуулж байна. Үүнд өрхийн орлого нэмэгдүүлэх, бизнес төлөвлөгөө зохиох аргачлал, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ боловсруулах технологийн сургалтууд, сав бөөрний өвчнөөс болон малаас хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 62 удаа сургалт явуулж, давхардсан тоогоор 1182 эмэгтэйчүүд хамрагдсан. Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлд “УАЗ-469” машин, компьютер, канон, LCD олгож сургалт сурталчилгаандаа хэрэглэж байна. Гурав. Эдийн засгийн бусад үйл ажиллагаа3.1 Орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа: Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд нийт 15.4 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгож, 85 ажлын байнгын байр шинээр гаргаж ажиллууллаа. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд ажилласан ажлын байрууд нийт 75.3 сая төгрөгийн борлуулалт хийж 37.7 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. 2007 онд нийт 68 ажлын байр ажиллаж 25.9 сая төгрөгийн борлуулалт хийж 17.1 сая төгрөгийн ашигтай ажиллалаа. 3.2. Хүнсний ногоо тариалалтХөтөлбөрийн тариалалтын хугацаанд 10 суманд 20 жижиг хүлэмж, 12 зоорь шинээр барьж ашиглан нарийн ногоо тариалах, төмс хүнсний ногоог хадгалах, нөөцлөх нөхцлийг бүрдүүлэв. 2004-2007 онд нийт 19 сумын 4359 өрхөд тариалалтын үр, материалын дэмжлэг үзүүлж 125.8 тн үрээр хангаж, 225.4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 895.4 тн ургац хураан авсан байна. Энэ нь нэг өрх дунджаар 28.8 кг үр авч тариалан 205 кг ургац хураан өрхийн орлого нь 72.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Нийт хамрагдсан өрхүүдийн 30 гаруй хувь нь цаашдаа бие даан тариалалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. 3.3 Хөдөөгийн санхүүгийн үйлчилгээ: “ХАС” банкны үйлчилгээгээр нийт 14 сумын 2810 иргэнд 2746.5 сая төгрөгийн зээл олгож малчдын амьдралд дэмжлэг үзүүлж байна. Үүнээс зээлдэгчдийн 38.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дөрөв. Үр дүн нөлөөлөлХЯБХ-ийг хэрэгжүүлснээр аймгийн болон сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдэд чиглэсэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэн олон чухал асуудлууд шийдвэрлэгдэн үр дүнд хүрч, аймаг орны хөгжлийг түргэтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм. Хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөдөөгийн иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулан нийгмийн үйлчилгээ үзүүлсэн, орлого бий болгох үйл ажиллагааны хүрээнд бага оврын трактор, тоног төхөөрөмж олгож, жижиг үйлдвэрлэлийн цех, бүлгүүд байгуулсан, бэлчээрийн худаг уст цэг гаргах, мал эмнэлэг болон үржлийн үйл ажиллагааг дэмжиж малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулсан зэрэг арга хэмжээг авснаар нийт 17886 хүн хөтөлбөрийн үр шимийг хүртэж байна. Хөтөлбөр эхлэхийн өмнө аймгийн нийт өрхийн 40.2 хувь, хүн амын 46.1 хувь нь ядуу байсан нь 2007 онд хийсэн судалгаагаар өрхийн 34.2 хувь хүн амын 35.6 хувь нь ядуу гарсан ба ядуу өрхийн тоо зургаан хувь хүн амын тоо 10.5 хувиар тус тус буурчээ. Ядуурлын түвшин буурсан нь Засгийн газар болон орон нутгийн төр захиргааны байгууллагаас авсан арга хэмжээ, хөтөлбөр төсөл хэрэгжсэний үр дүн, байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдэж хөдөөгийн иргэдийн мал сүрэг өссөнтэй холбоотой.

http://www.mongolfarmer.mn/index.php?option=com_content&task=view&id=319&Itemid=32

No comments: