Tuesday, March 3, 2009

Архангай аймагт 1,0 тэрбум төгрөгийн зээл олгохоо амлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр өнгөрөгч амралтын өдрүүдээр Архангай аймагт ажиллав. Архангайд сайхан зун болж байна. Өнгөрсөн өвөл, хавар байгаль, цаг агаар тааламжтай байсан тул мал, төлийн хорогдол харьцангуй бага гарчээ. Сүүлийн гурван жил дараалан мал нь өсч, өнгөрсөн оны эцэст 2.9 сая мал тоолуулсан байна. 2007 онд 20.0 тэрбум, энэ жил 17.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх хэсэг нь зам, эрчим хүч зэрэг бодит салбарт зориулагдаж байгаа ажээ. Өнгөрсөн жил 400 тоннын хөргүүртэй, жилдээ 50.0 мянган бог, 15.0 мянган бодыг үйлдвэрийн аргаар нядлах махны үйлдвэр ашиглалтад орж, удахгүй эрүүл ахуй, стандартын шаардлага хангахуйц хүнсний бөөний худалдааны төв ашиглалтад орох гэж байна. Ерөнхий сайд Тариат, Өлзийт сумдад тус бүр хоёр худаг гаргах хөрөнгийн асуудлыг шийдэж өгөх, шинээр уурхай нээхийг болиулах арга хэмжээ авна гэж амлалаа. Ноолуурыг малчдаас 30-32 мянган төгрөгөөр худалдаж авах тухай УИХ-ын тогтоолын утга учрыг хөдөөгийнхөн ихээхэн сонирхож байна. Ноолуураа худалдчихсан иргэд хохироод үлдэх үү, байгаа жаахан ноолуурыг маань хэзээ, хэн авах юм бэ, тогтоолд заасан үнээр авсан гэдгийг яаж баталгаажуулах юм бэ гэсэн олон асуултыг тэд тавьж байна. “Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан болохоор хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Тун ойрын хугацаанд бид шийдвэрээ гаргана. Ер нь зөвхөн ноолуур биш, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулах, эрсдэлээс хамгаалах бутэц бий болгох явдал гол нь” гэж Ерөнхий сайд дээрх асуултуудад хариуллаа. “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийг хөдөөгийнхөн бүрэн дэмжиж байна. Архангай аймаг энэ жил 1250 га-д үр тариа, 200 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. Газар тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор Ерөнхий сайд С.Баяр Засгийн газраас Архангай аймагт “Итгэлийн” хэмээн нэрлэгдэж байгаа төсвийн зээл 1.0 хэрбумыг олгоно гэлээ. Мөн Архангай аймаг аялал жуулчлалын хамгийн чухал бүсийн нэг тул авто замыг сайжруулах асуудалд онцгой анхаарал тавих болно гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж: Монголын мэдээ

No comments: