Tuesday, March 3, 2009

Архангайн Чулуут сумын тухай...

1.Сайн ноёны аймгийн үеийн хошуу нутаг

ХҮ1 зууны хоёрдугаар хагасад Дорнод Азид Манжийн цэрэг феодалын улс тогтносон бөгөөд энэ улс үүсэн байгуулагдсанаасаа эхлэн бусад орныг байлдан дагуулах замд оржээ. Манжийн феодалуудын түрэмгий бодлого нь юуны түрүүнд тэдний нэн ойрхи хөрш Монгол , Хятад хоёр улсын эсрэг чиглэгдэв. Манж нар 1644 онд Хятадыг эзэлсэн байна.Энэ үед Халхын дотоодод феодал эрх мэдэлтнүүдийн хооронд нилээд зөрчил тэмцэлтэй байсныг ашиглан манж нар 1691 онд Монгол орныг өөрийн эрхшээлд дагаар оруулснаар Монгол улс төрийнхөө тусгаар тогтнолыг алдаж манжийн ноёрхолд 200 гаруй жил дарлагдах болсон билээ.
Ардын хувьсгалаас өмнөх үеийн Чулуут сумын түүхээс

1.Сайн ноёны аймгийн үеийн хошуу нутаг
ХҮ1 зууны хоёрдугаар хагасад Дорнод Азид Манжийн цэрэг феодалын улс тогтносон бөгөөд энэ улс үүсэн байгуулагдсанаасаа эхлэн бусад орныг байлдан дагуулах замд оржээ. Манжийн феодалуудын түрэмгий бодлого нь юуны түрүүнд тэдний нэн ойрхи хөрш Монгол , Хятад хоёр улсын эсрэг чиглэгдэв. Манж нар 1644 онд Хятадыг эзэлсэн байна.Энэ үед Халхын дотоодод феодал эрх мэдэлтнүүдийн хооронд нилээд зөрчил тэмцэлтэй байсныг ашиглан манж нар 1691 онд Монгол орныг өөрийн эрхшээлд дагаар оруулснаар Монгол улс төрийнхөө тусгаар тогтнолыг алдаж манжийн ноёрхолд 200 гаруй жил дарлагдах болсон билээ. Улмаар манжийн засгийн газар эрх мэдлээ улам бэхжүүлэх, халх Монголын хүчийг бутарган сарниулах бодлогыг эрчимтэй явуулж Монголын цэрэг_захиргааны хуучин байгуулалт болох хошуудыг улам жижиглэн халхын 8 хошууг 34 болгон олшруулжээ. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошууг таслан авч Сайн ноён аймаг гэдэг нэг аймгийг шинээр нэмэн байгуулж, халхын 3 аймгийг 4 аймаг болгосон бөгөөд Сайн ноёны аймгийн нутагт одоогийн Архангай аймгийн нутаг дэвсгэр хамрагдах болжээ.Чулуут сумын нутаг нь Халхын умар замын дундад зүүн этгээдийн адгийн хошуу гэдэгт нь харьяалагдаж байв. Энэ үед хошууны дэвсгэр нутгийн заагийг тэмдэглэхдээ “Хошуу нутгийн газар нь Тамир, Хануй, Чулуут гурван голын эхэн дор буй. Зүүнш Хүнэй өвөр булаг хүрч, Зая бандидагийн нутагтай зах нийлнэ. Урагшаа Согоо өндөр хүрч Эрдэнэ бандидагийн нутагтай зах нийлнэ. Барууншаа Хойт Тамирын эхэн хүрч Чин сүжигт номун ханы нутагтай зах нийлнэ. Хойшоо Их шавар уул нуруу хүрч, Дундад зүүн этгээдийн хошуутай зах нийлнэ” гэсэн байна.Манж нар Монгол орныг эрхшээлдээ оруулсан үеэс одоогийн Чулуут сумын харьяалагдаж lanai хошууг Гэрсэнз Жалайр хун тайжийн гуравдугаар хөвгүүн Онохуй үйзэн ноёны хөвгүүн, шарын шашныг Халх нутагт дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсний учир Төвдийн Далай лам, Банчин Эрдэнэ нараас Сайн ноён хан цол хүртсэн Түмэнхэн (Сайн ноён), түүний наймдугаар хөвгүүн Данзан банжуур, Данзан банжуурын хөвгүүн Ёст үйзэн ахай ноён Намжил нар захирч байжээ.

2.Цэцэн чин вангийн хошуу

Одоогийн Архангай аймгийн Чулуут сум манж чин улсын 200 гаруй жилийн дарангуйллын үед Сайн ноён аймгийн Цэцэн чин вангийн хошуунд (1725-1910 онд) харьяалагдаж байжээ. Манжийн дарангуйллын эсрэг монгол орныхоо төрийн тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1910-аад оны үед оргил үедээ хүрч өрнөснөөр 1911 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Богд хаант Монгол улс манжийн үеийн дөрвөн аймгаа хэвээр үлдээсэн бөгөөд энэ үеэс халхын Сайн ноёны аймаг нь Сайн ноён ханы аймаг гэж нэрлэгдэх болж, Халхын умар замын дундад зүүн этгээдийн хошуу нь Цэцэн чин вангийн хошуу гэж нэрлэгджээ. Тухайн үед нэгэн аймаг нь хошууд ба тамгатай хутагтын шавь гэдэг засаг захиргааны үндсэн хоёр нэгжүүдээр бүрдэл болж байв. Цэцэн чин вангийн хошуу үүсэх үед Ёст үйзэн ахай ноёны Намжилын хөвгүүн Цэрэн хошууг захирах болсон бөгөөд тэрээр Манжийн хааны угсааны гүнжтэй сууж эфү Цэрэн(хааны хүргэн) гэгдэх болжээ. Улмаар Цэцэн чин вангийн хошууг эфү Цэрэнгийн угсааны Цэнгүнжав(1750-1771), Лхавандорж(1771-1816), Баянжаргал(1816-1817), Цэндбазар(1817-1852), Дарам(1852-1874), Наянт(1874-1921) нар угсаа залгамжлан захирчээ.Тэр үед одоогийн Чулуут сум Цэцэн чин вангийн хошуу, Шива ширээт хутагтийн шавь гэсэн хоёр хэсгийг хамаран харьяалагдаж байлаа. 1912 онд Шива ширээт хутагтын харьяат шавь нарыг засаг хошууны зэрэгт хүргэж Шива ширээт гэгээнд хошуу захирах тамга олгожээ. Ийнхүү Сайн ноён хан аймаг засаг хошуу 26, тамгатай хутагт буюу хошууны эрх бүхий шавь 8 бүгд засаг захиргааны 34 нэгжтэй болжээ. 1921 онд Монгол оронд ялсан Ардын хувьсгал гадаадын колоничлогчид, дотоодын феодалын дарлалын эсрэг монголын ард түмний эрх чөлөөний төлөө хийсэн олон үеийн тэмцлийн үр дүн нь байлаа.Хувьсгалын ялалтын дараахнаас эхлэн үндэсний ардчилсан байгуулалыг бэхжүүлэх зорилтуудыг аажмаар дэс дараалан шийдвэрлэсээр байв. 1921-1923 онд 4 аймаг, шавиудад Ардын засаг байгуулагдав. Монгол улсын нутгийн захиргааны дүрэм 1923 оны 3 дугаар сарын 22-нд гарч уг дүрэмд 10 гэр, баг, сум, хошуу, аймаг, улсын Засгийн газар хүртэл хурал байгуулахаар заажээ. 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ардын засгийн газрын хурлын гишүүд хуралдан зөвлөлдөж тогтоосон 39 дүгээр хуралдааны бичиг нь аймаг, хошууг тухайн нутагт байдаг нэрд гарсан газар, уул, усны нэрээр нэрлэх тухай тогтоол байлаа.

Хан-Өндөр уулын хошуу ба Чулуут сум үүссэн нь

Аймаг, хошууг газар, усны нэрээр нэрлэх шийдвэрийн дагуу Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг хэмээн нэрлэж, Цэцэн чин ван Наянтын хошууг Хан-Өндөр уулын хошуу гэж уул усны нэрээр нэрлэх болжээ. Цэцэн чин вангийн хошуунд харьяалагдаж байсан Чулуут, Хануйн голын эх орчмын айл өрхүүдийг Өлзийт сум, өндөр уулын баруун (Цогтхайрхан) сум, мөн зүүн (Тусгалт) сум гэж 1924 онд байгуулснаар эдүгээ 80 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Чулуут сумын түүх эхэлдэг. Харин Шива ширээт хутагтын шавийн дийлэнх хэсгийг Чулуут суманд, үлдсэн хэсгийг нь Өндөр-Улаан сумын харьяалалд оруулжээ. Чулуут сумын төв нь анх Тооромт гэдэг газар арван гэр, багийн зохион байгуулалттайгаар буй болж сумын анхны даргаараа Баянбат гэдэг хүнийг сонгож байсан бол 1934 онд сумын төв нүүж 9 багтайгаар одоогийнхоо байгаа Чулуут, Хүрэм голын бэлчирийн хойд эрэгт Баруун Жаргалантын аман дахь Арслан цохионы энгэр бэлд суурьшиж сумын төвөө Жаргалант хэмээн нэрлэж өдгөө хүрчээ.Чулуут сум 1930-аад оны үед 780-аад өрх айлтай, 3000 гаруй хүн амтай, 60 мянга орчим мал сүрэгтэй байсан бөгөөд тэр үеийн багийн даргаар Дончинбуугийн Гэндэнпилжээ, Мөнх-Очирын Дандардэжид, Олдохын Батбаатар, Дувдангийн Дашдэлэг, Намжилын Даваасүрэн, Нямхүүгийн Самбууням нар ажиллаж байжээ.Чулуут сумын төв Жаргалант далайн мандлаас дээш 1700 метрт, Хангайн нурууны өндөр уулын бүсэд байдаг бөгөөд Цэцэрлэг хотоос 127 километр, Улаанбаатар хотоос 627 километр зайд байрладаг юм. Чулуут сум баруун хойгуураа Архангай аймгийн Хангай сум, зүүн хойгуураа Өндөр-Улаан, зүүн өмнүүрээ Их тамир сум,баруун болон баруун урдуураа Баянхонгор аймгийн Жаргалант, Гурванбулаг сумадтай хил залгадаг.Эдүгээ Чулуут сум Өлзийт гол, Зуун мод, Халуун ус, Хайрхан, Хүрэм гэсэн таван багтай, 1070 орчим айл өрхтэй, 4100 гаруй хүн амтай, хонь, ямаа, адуу, сарлаг голлосон үхэр тэргүүтэй 68000 орчим мал сүрэгтэй болоод байна. Сарлагийн сүү нь тослог ихтэй, төрөл бүрийн цагаан идээ хийхэд нэн тохиромжтой, нутгийн иргэд ч сарлагийнхаа сүүгээр ааруул, өрөм, зөөхий, ээзгий, бяслага, аарц, шар тос, төрөл бүрийн хольцтой тос бэлтгэх нарийн арга ухаанд мэргэшсэн учраас энэ нутгийн цагаан идээ улс даяар нэрд гарчээ.

Ардын хувьсгалын жилүүд дэх Чулуут сум

Монгол оронд 1921 онд ялсан Ардын хувьсгалаас хойшхи он жилүүдэд тус улсын засаг захиргааны нэгж аймаг, сумдад хэд хэдэн удаа өөрчлөлт орсон ч анх одоогийн Архангай аймгийн 35 сумын нэгэн болж байгуулагдсан Чулуут сум өдгөөг хүртэл бүтэц бүрэлдэхүүнээрээ иржээ. Архангай аймгийн захын сумдын нэгэн болох Чулуут сум эхэн үедээ 780 өрх 3000 орчим хүн амтай, 60 мянган мал сүрэгтэй буурайхан сумын нэгэн байснаа хувьсгалын жилүүдэд улам хөгжин дэвжиж Монгол улсын юм юмтай тэргүүний сумдын нэг болсон нь сумын хөдөлмөрч малчдын нөр их хөдөлмөрийн үр, төр засаг, аймаг орон нутгаас уг сумыг хөгжүүлэхэд тавьж байсан анхаарал, халамжийн ач юм.Сум олон жилийн хугацаанд төвийн эрчим хүний сүлжээнд холбогдоогүй байснаа 2002 онд холбогдсон нь сумын цаашдын хөгжил дэвшилд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх үйл явдал юм.

Шинэ амьдрал” нэгдлийн тухай

Аж ахуйгаа хөтлөж, ахуй амьдралаа дээшлүүлэн дэвжүүлэхэд хүмүүс хүч хөдөлмөрөө нэгтгэн хоршиж ажиллах явдал чухал гэдэг ойлголт улс орон даяар өрнөөд байсан 1939 оны 8 дугаар сард Чулуут сумын Баруун Жаргалантын аманд нутгийн хэсэг хүн цугларч ардын үйлдвэрлэлийн 47 дугаар нэгдлийг сайн дурын үндсэн дээр, 21 гишүүнтэй, 184 толгой малтай, 800 орчим төгрөгийн мөнгөн хуримтлалтай, албан ажлын байр болгон бага гэр нэгтэйгээр байгуулж анхныхаа даргаар Г.Дуламжавыг, нарийн бичгийн даргаараа Чойжинжавыг, няраваар Шаравыг, шалган байцаах комисынхоо даргаар Т.Норов нарыг сонгож байжээ.Уг нэгдэл 1953 оноос Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэл гэж нэрлэгдэж 1990 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж манай орны шилдэг тэргүүний нэгдлүүдийн нэг байж, эх орондоо алдар нэрээ дуурсгасан хөдөлмөрийн олон сайчуудыг төрүүлэн гаргасан юм. Тус нэгдэл 1959 онд Монгол-Албанийн нэрэмжит болж байсан удаатай. Чулуут сум-нэгдэл 392,2 мянган га нутагтайгаас малын бэлчээр, хадлан тариаланд 322,6 мянган га талбайг ашиглаж байжээ. Нэгдлийн гишүүдийн хүч хөрөнгөөр Өлзийт голын Босго, Эгийн даваа орчмын Хамар даваа, Цагаан сайрын замыг засаж сайжруулан тээврийн хэрэгсэл явж болохуйц болгосон нь бэлчээрийн талбайг нэмэгдүүлжээ.“Шинэ амьдрал” нэгдлийн суурь тавигдаж байсан 1939 оноос хойш хөгжин дэвжсээр 50 жилийн хугацаанд буюу 1989 он гэхэд нэгдлийн үндсэн хөрөнгө 11442 мянган төгрөгт хүрч, мөнгөн орлого нь 5555,7 сая төгрөг болж нэгдлийнхээ төвд талх, нэхий элдүүр, мужаан, токарь, барилгын блок (ханын материал) болон хүнсний үйлдвэрлэлийн цех, салбаруудтай болсон байлаа.Түүнчлэн нэгдлийн төвд телевизийн экран М-4 ашиглалтанд орж 30 гаруй айлын орон сууц баригдан албан хаагч-мэргэжилтнүүд нь орон сууцаар бүрэн хангагдаж, бүх өрхийн 90 гаруй хувь нь радио хүлээн авагчтай учир улс орныхоо төвийн нэвтрүүлгийг хүлээн авч сонсдог байлаа. Сум-нэгдлийн эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд нэгдлийн мал аж ахуйн хэсгүүд тохилог хашаа, байраар хангагдаж, хүүхдийн цэцэрлэг, ясли, худалдаа үйлчилгээний модон гэр, халуун ус, цахилгаан гэрлийн төхөөрөмж бүхий 12 мал төллүүлэх баазтай байлаа.Сум-нэгдэл жил бүр 1145,2 тонн мах, цөцгийн тос 72 тонн, төрөл бүрийн ноос 50,9 тонн, ноолуур 1 тонн орчмыг бэлтгэж, цөцгийн тос, ноолуурыг 100 хувь нэгдүгээр болон дээд зэрэгт, ноосны 87 хувийг дээд зэрэглэлийнхээр улсад нийлүүлж байсан үе бий. Нэгдлийн мал сүргийн 30 орчим хувь нь үхэр, 65 орчим хувь нь хонь байснаас нэгдлийн гишүүн малчид сааль сүүгээ боловсруулан төрөл бүрийн амтат идээ хийдгээрээ нэрд гарсан учир эдүгээ ч гэсэн чулуутын цагаан идээ улсдаа алдартай хэвээр байгаа юм.Нэг малаас ашиглах ашиг шим жил дараалан дээшилж хонийг Говь-Алтай, баяд, байдраг омгоор сайжруулсан нь нийт хонин сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг байлаа. Үхэр, ямааг нутгийн шилмэл үүлдрээр үржүүлж ихээхэн үр дүнд хүрсэн бөгөөд нийгмийн малын 30 шахам хувийг эзэлдэг сарлагийн сүрэг 10 гаруй мянган толгойд хүрч үржин сарлагийнхаа тоогоор сум-нэгдэл улсад дээгүүрт ордог байв.“Шинэ амьдрал” нэгдэл нь ажил үйлсээрээ улсдаа дээгүүрт тооцогдож байсан учраас 1963 онд хөдөөгийн сумдын дотроос анх удаа Чулуут сумын төвд МХЗЭ-ийн Төв Хорооны ээлжит гуравдугаар бүгд хурлыг хийхэд улс орны өнцөг булан бүрээс ажил хөдөлмөрөөрөө шалгарсан олон олон залуус хуран цугларсанаас гадна тэр үеийн МАХН-ын Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь Чулуут сумын түүхэнд тэмдэглэгдсэн чухал үйл явдал болсон юм.“Шинэ амьдрал” нэгдэлийг Хөдөлмөрийн баатар У.Доржпалам удирдаж байхдаа үхрийн аж ахуйг хөгжүүлэн ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор үнээний ферм зохион байгуулах, мал аж ахуйн бригадыг хэсгийн зохион байгуулалтад оруулах, малчидтай түрээсийн гэрээ байгуулах, малын төлийг штаб дээр зохион байгуулан бойжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйд социалист хөдөлмөрийн хөдөлгөөнийг өрнүүлж сумаараа социалист хөдөлмөрийн сум нэгдэл болох үүрэг аваад амжилттай хэрэгжүүлж байв.Энэ үед сум нэгдэл зээлийн өр авалгагүй болж, бие дааж үйлдвэрлэлээ явуулах чадвартай болж, бойжуулсан төл 2-10 хувь, нэгдлийн нийт хөрөнгө оруулалт 3,6 дахин, мөнгөн орлого 2-7 дахин, үндсэн хөрөнгө 2-6 дахин, ашиг нь 3 дахин, өрхийн дундаж орлого 2,5-3,1 дахин нэмэгдэж байжээ.“Шинэ амьдрал” нэгдлийн ажилтан Ш.Ядамсүрэн тэргүүлэн 1950-аадонд сарлагийн үнээний сааль сүүг нэмэгдүүлэн ашиг шимийг нь бүрэн авах зорилгоор үнээг өдөрт 3 удаа саах туршлага гарган үр бүтээлтэй ажиллажээ. Уг туршлагыг нэвтрүүлэхэд анхлан оролцсон саальчин Нямхүүгийн Долгоржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж Монголын эмэгтэйчүүдийн С.Удвал тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж 1955 онд ЗХУ-ын хотуудаар зочилж байсны зэрэгцээ, аймгийн депутатаар сонгогдож байлаа.“Шинэ амьдрал” нэгдлийн малчдаас Базарваанийн Дуламжав, Дорлигийн Дашжоо нар улсын аварга малчин,Тангадын Маргид, Шагдарын Ядамсүрэн, Мятавын Цэндээхүү зэрэг хүмүүс улсын сайн малчин, Самбуугийн Няндав, Ш.Сэрсэндэмид нар аймгийн аварга малчин, У.Зазангаа, Р.Мэнтигсүрэн, Л.Мясардорж, Д.Оюунцэцэг, Д.Долгор, Д.Цэрэндаш (хув гэгдэгч), Сандуйжавын Луутар(халзан гэгдэгч), Д.Төрхүү, Готовын Дашдаваа(хайлгаа) нар сумын аварга саальчин, төлчин, малчин, хадланчин, жинчин, тууварчны цол, хэргэмийг хүртэж байжээ.Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн үе эхлэхэд Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэл задарч 1992 онд 3 компанид хуваагдахад нэгдлийн гишүүд өмч хувьчлалын хуулийн дагуу мал сүргээ хуваан авч хувийн аж ахуйтан болж, нэгдэлжих хөдөлгөөний өмнөх хот айлын зохион байгуулалтад орж, нутгийн малчид өвөлжөө, хаваржаа зэрэг нутаг бэлчээрээ ч хувиарлан ашиглах болжээ. 1959-1990 он хүртэл сумын захиргааны дарга нар нэгдлийн даргын албыг давхар хашдаг байснаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай шинэчилэгдсэн хуулийн дагуу 1992 оноос хойш сумын даргыг сумын засаг дарга гэж нэрлэх болж, суманд иргэдийн төлөөлөгчдийн хурал буй болгосон учир иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгогддог болов.
www.chuluut.mn -д эх хувилбар нь байгаа.

No comments: