Tuesday, March 3, 2009

Архангай аймгийн Их Тамир сум Бэлчээрийн хамтын менежмент

Сумын товч танилцуулга

Архангай аймгийн Их тамир сум нь 4.8 мянган километр2 нутаг дэвсгэртэй, аймгийн төвөөс баруун хойш 26 километр, улсын нийслэлээс 475 километр хол Заан хошуу хэмээх газар оршино.
Тус сум нь 6286 хүн амтай, 1515 өрхтэй, үүний 1180 нь малчин өрх. 2006 оны статистикийн мэдээгээр 177848 толгой малтай байгаагаас тэмээ-3, адуу-15553, үхэр-26111, хонь-74117, ямаа-62064 байна.
Одоо Хөхнуур, Хан-Өндөр, Бугат, Борт, Эрдэнэтолгой, Тайхар гэсэн зургаан багтай бөгөөд Хөхнуур, Хан-Өндөр, Эрэнэтолгой, Бугат багуудад сарлаг илүү их тархсан тул малчид сарлагийн сүү боловсруулж амтат цагаан идээ боловсруулдгаараа алдартай. Тус сумын нутгаар Тамирын гол, Хануй, Хүннү, Өлөнт, Баянцагааны гол болон 200 гаруй жижиг гол, горхи, булаг шанд урсдаг. Эсгий, мод, цагаан идээ боловсруулах жижиг үйлдвэрүүд харьцангуй сайн хөгжсөн.
Бэлчээрийн хамтын менежмент
Архангай аймгийн Их Тамир суманд бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сумын малчдад хамтын менежментийн сургалтыг анх 2005 оны 6-р сард зохион байгуулсан юм. Оролцооны арга дээр үндэслэн бэлчээрийн хамтын удирдлагын төлөвлөгөөг баг тус бүр гарган тэдгээрийг нэгтгэн боловсруулсны дараа сумын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан сумын ИТХурлаар батлан хэрэгжүүлдэг болоод байна.
Бэлчээрийн хамтын удирдлагын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор сумын хамтын удирдлагын хороог "Арвижин Сайжрах" нэртэйгээр Төрийн Бус Байгууллагын хэлбэрээр байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд хамтын удирдлагын төлөвлөгөөний дагуу бэлчээрийн сэлгээ хийх, өнжөөх, амраахад тулгараад байгаа гол бэрхшээл нь хүн малын усан хангамжийн асуудал байгаа юм. Энэ чиглэлээр 2005 онд малчдын хүч хөдөлмөрөөр чухал шаардлагатай газруудад гар худаг 6-г шинээр гаргаж, энгийн уурхайн 3 худгийг засварлан ашиглалтад оруулжээ. Ингэснээр тэр орчмын 41252 толгой мал, 36 өрхийг усаар хангаж, ашиглагдахгүй байсан ихээхэн хэмжээний бэлчээрийг ашиглах бололцоотой болгосон юм.
2006 оны байдлаар тус суманд Сарлагийн хөөвөр жижиг төсөл амжилттай хэрэгжин, малчдад сарлагийн хөөврийг самнаж бэлтгэх арга технологийг зааж эзэмшүүлэн, энэ технологиор сарлагийн хөөвөр бэлтгэх, бэлтгэсэн хөөврийн үзэсгэлэн, дуудлага худалдааг зохион байгуулав.
Мөн "Тамирын цагаан ааруул" бичил төсөл хэрэгжиж байна. Төслийн эхний шатанд хэд хэдэн туршилтын үр дүнд ааруул зүсэх зүсэлтийн хялбар төхөөрөмжийг гаргасан ба савалгааны асуудлыг шийдээд байна. Тамирын цагаан ааруул үйлдвэрлэх технологийн сургалтыг нийт 131 өрх буюу 40 гаруй хот айлаар явж хийсэн нь цаашид технологийн дагуу үйлдвэрлэсэн цагаан ааруул нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Их Тамир сум байгалийн баялаг ихтэй тул малчид амьдрал ахуйдаа зөв хэрэглэх улмаар өрхийн орлогын нэг эх үүсвэр болгох боломж бий болгох зорилгоор жимсний чанамл хийх сургалтанд Хөхнуур, Хан-Өндөр багийн 23 өрхийг хамруулав. Эдгээр 23 өрх нь дараа жил сум, багийн бусад өрхүүддээ дээрх сургалтыг зохион байгуулах юм.
Бэлчээрийн хамтын удирдлагын төлөвлөгөөний дагуу сум, багийн Иргэдийн Нийтийн Хурлаар зун намрын бэлчээрийн сэлгээг хэлэлцүүлэн батлуулж ажилласны үр дүнд, нийт малчин өрхийн 70% нь отор нүүдэл, бэлчээрийн сэлгээ хийлээ. Мөн түүнчлэн 2006 онд малчидтай хамтран 4 гар худаг гаргаж, 2 инженерийн хийцтэй эвдэрсэн худгийг сэргээн засварлаж ашиглалтад оруулсан нь бэлчээр ашиглалтыг сайжруулсан.
Сумын малчдын хүсэлтээр 2.5 сая төгрөгийн өртөг бүхий 18.0 тонн хужир бэлтгэсэн нь баг бүр 2 жил ашиглах нөөцтэй болов. Бэлтгэсэн хужраа малчдад хөнгөлөлттэй үнээр борлууснаар өөрсдийн хүчээр хужраа бэлтгэх эргэлтийн сантай боллоо.

http://www.greengold.mn/index.php?cont=121&type=0&lang=1

No comments: