Tuesday, March 3, 2009

Архангай


Архангай аймаг нь 55.2 мянган км2 газар нутагтай, аймгийн төв нь Цэцэрлэг хот буюу Эрдэнэбулган сум Улаанбаатар хотоос 493км байна.
Архангай аймгийн газар нутаг нь Хангай нурууны уулархаг мужийн төв хэсэгт орших ба хангайн нурууны салбар уулс, ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.Тус аймгийн нутаг далайн түвшнээс дээш дундажаар 2400 м-т өргөгдсөн бөгөөд хамгийн өндөр цэг нь д.т.д 3539м өндөр Харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь д.т.д 1290м Орхон-Тамирын бэлчир орчмын газар юм. Аймгийн газар нутгийн 70 гаруй хувийг малын бэлчээр бүхий газар, 2%-ийг хадлангийн газар, 1 орчим хувийг тариалангийн талбай, 21%-ийг ойн сан бүхий талбай эзлэнэ.Эргэх дөрвөн улиралд оройдоо мөнх цастай байдаг Суврага Хайрхан, Ноён хангай, Хан-Өндөр зэрэг сүрлэг уулс, Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тамир, Хануй, Хүнүй, Орхон, Чулуут зэрэг түргэн урсгалт гол мөрөн, Өгий, Тэрх зэрэг цэнгэг уст нуур, Хадат, Мухар хужирт, Бор тал, Цагаан сүм, Бэлх зэрэг анагаах чадалтай халуун хүйтэн рашаан, Хоргын тогоо, Тайхар чулуу зэрэг үзэсгэлэнт байгальтай газар олон байна.Архангай аймгийн нутагт ургадаг 1700-аад зүйлийн ургамлын 20 гаруй хувийг монгол алтан хундага, вансэмбэрүү, алтан гагнуур мэт эмийн ховор, чухал ургамал эзлэнэ.Тус аймгийн эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд үхэр сүргийн тоогоор улсад тэргүүлдэг аймгийн нэг юм. Аж үйлдвэр, тээвэр, харилцаа холбооны салбараас гадна тус аймагт модны томоохон үйлдвэр ажиллаж байсан. Зах зээлийн эдийн засагт шилжиж томоохон үйлдвэр аж ахуйн газрууд задарч жижиг аж ахуйн нэгж болон үйл ажиллагаа нь багассан байна.Тус аймгийн ойн санд ой зохион байгуулалтын экспедиц 1976, 1983, 1988 онуудад модны үйлдвэрийн бэлтгэх модны нөөцийг судлах зорилгоор хэсэгчилсэн байдлаар судалгаа хийж байсан ба 1995-1997 онд аймгийн хэмжээгээрх бүрэн хэмжээний судалгааг хийж аймаг, сум, бүс нутгийн хэмжээгээрх ойн талбай, нөөц, тархалтыг тогтоож ойг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэл бүхий Ойн менежментийн төслийг боловсруулан гаргасан байна. Архангай аймгийн нутаг дэвсгэрийн 21% буюу 1165,4 мянган га талбайд тархсан ойн сан бүхий талбай нь 17 сумын нутгийг хамран тархсанаас Жаргалант, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат сумууд ойн нөөц ихтэй нь байна.
Ойн талбай, нөөц /модны төрлөөр/


Д.д
Модны нэр
Талбай /мян.га/
Нөөц /мян.м3/
Эзлэх %
1
Шинэс
875,7
123067,6
95,3
2
Хуш
28,3
4414,8
3,1
3
Гацуур
0,1
1,6
0,01
4
Хус
7,3
669,7
0,8
5
Улиас
4,1
354,4
0,4
6
Улиангар
0,5
48,0
0,1
7
Бургас
3,2
69,8
0,3
Дүн
919,2
128625,9
100%


Архангай аймгийн ойн сангаас 133,1 мян.м3 түлээ бэлтгэхээс шатсан ойгоос 31,4 мян.м3, ашиглалтын бүсийн ойгоос 9,4 мян.м3 , арчилгаа цэвэрлэгээний огтлолтоос 92,3 мян.м3 түлшний модыг тус тус бэлтгэх боломжтой байна. Тус аймгийн ашиглатын бүс бүхий ой нь аймгийн төвөөс 100-200км-ийн зайтай, сумын төвөөс 60-80км-ийн зайтай, бартаа ихтэй Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутагт байна. Харин шатсан ойгоос болон төв суурин газрын ойр ойгоос арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор түлшний модыг бэлтгэх боломжтой юм.

No comments: