Tuesday, March 3, 2009

Архангай аймгийн талаар товчхон

Зохиогч Administrator
Баасан, 14-11-2008 11:04
Архангай аймаг нь анх 1923 онд Цэцэрлэгмандал уулын аймаг нэртэй байгуулагдсан бөгөөд 1931 оноос Архангай аймаг нэрээр нэрлэгдэх болсон. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот. Тус аймаг нь 19 сум, 99 багтай, үүнээс аймгийн төвдөө хамгийн ойр байрладаг сумын төв нь 25км зайтай Цэнхэр сум, хамгийн хол байрладаг сумын төв нь 256км зайтай Цахир сум юм. Аймгийн төв Цэцэрлэг хот нь Улаанбаатар хотоос 477км зайтай орших бөгөөд хатуу хучилттай автозамаар холбогдсон.Аймгийн нийт газар нутгийн хэмжээ 55300км2. Аймгийн газар нутгийн дундаж өндөр д.т.д 2414м бөгөөд хамгийн өндөр цэг нь д.т.д 3539м өндөрт өргөгдсөн Харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь д.т.д 1290м өндөрт өргөгдсөн Орхон-Тамирын бэлчир юм. Газарзүйн байрлалын хувьд хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн хойд зүүн талаараа Булган аймагтай, өмнөд талаараа Өвөрхангай аймагтай, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг. Физик газарзүйн мужлалаар Хангайн мужид хамаардаг. Хөрсний хэв шинж нь ойн хар хүрэн хөрс, голын хөндийн хар шороон хөрс, хээрийн хүрэн хөрс зонхилно. Орхон, Тамир, Хануй, Чулуут зэрэг томоохон голуудтай.Эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилд 350-400мм хур тунадас унадаг. 1-р сард дунджаар -20-25 хэм хүйтэрч, 7-р сард +15+25 хэм дулаардаг.Тус аймаг нь 93,0 мянган хүн амтай бөгөөд үүнээс 18,0 мянган хүн ам нь аймгийн төв болох Эрдэнэбулган суманд амьдарч байна. Аймгийн эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд 2007 оны эцсээр 2,9 орчим мал тоологдсон. Адуу, үхэр сүргийн тоо толгойгоор улсад дээгүүрт ордог. 2007 оны байдлаар аймгийн хэмжээнд 2656 авто машин тоологдсон байна. Үүрэн холбооны үйл ажиллагаа явуулдаг бүх компаниудын салбар цэгүүд ажилладаг.Аймгийн төв Цэцэрлэг хотод 100 орчим дэлгүүр, 60 гаруй жижиг мухлаг, 50 гаруй ресторан, хоолны газар үйл ажиллагаа явуулж байна. Архангай аймаг нь жилийн төсвийнхөө 30 хувийг дотоодоосоо бүрдүүлж, үлдсэн 70 хувийг нь улсын төсвөөс татаасаар санхүүжүүлж авдаг.Архангай аймаг нь цагаан идээ, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай бөгөөд үүнийгээ ашиглан аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх нөөц боломж ихтэй.МУБИС-ийн харъяа Багшийн коллеж, Архангай дээд сургууль, Гэлэг дээд сургууль зэрэг улсын болон хувийн хэвшлийн дээд сургиулуудтай. Эдгээр сургиулууд нь Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг хөрш зэргэлдээ аймгуудын оюутнуудад сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж өгдөг.Архангай аймгаас алдар цуутай хүн олон төрсөн бөгөөд үндэсний бөхийн Г.Вандан, Даян аварга Жамъяан, Даян аварга Ц.Чимэд-Очир, Даян аварга Г.Өсөхбаяр нар нь тус аймгийн бөхчүүд юм.
А.Батсуурь

No comments: