Thursday, October 15, 2009

Архангай ЭДИЙН ЗАСГИЙН БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА"

Дэд бүрэлдэхүүн хэсгүүд:


Орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Хүнсний ногоо тариалалт

Орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Эдийн засгийн бусад үйл ажиллагаа бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 214 тоног төхөөрөмжийг олгосон. Үүний 70 орчим хувь нь ядуу, нэн ядуу, 28 хувь нь дундаж, 2% нь боломжийн өрхүүдэд ашиглагдаж байна. ХААХОУС-аас өгсөн зөвлөмж болон ХУҮХорооноос гарсан шийдвэрийн дагуу 800.0 мянган төгрөгөөс доош өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж болгон эзэмшигчид нь хүлээлгэн өгөх, 0.8-1.5 сая төгрөг хүртэл өртөгтэй тоног төхөөрөмжийн 7%, 1.5 саяас дээш төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийн 10%-ийг эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу эргэн төлөлт хийгдэж байна. Зээлээр олгосон тоног төхөөрөмжийн хувьд 2008 онд аймгийн хэмжээнд 45.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг жилийн 6.0 хувийн хүүтэйгээр ядуу өрхүүдэд олгохоор төлөвлөсөн ба жилийн эцсийн байдлаар нийт 37.5 сая төгрөгийн өртөгтэй 50 ширхэг тоног төхөөрөмжийг зээлээр олгоод байна.ХУҮХ-ноос баталсан журмын дагуу уг зээлийн нэг хүнд ноогдох хэмжээ 800000 төг-өөс хэтрэхгүй байгаа нь ядуу иргэдэд хүрч чадсан үйл ажиллагаа болсон. Талх, нарийн боов, оёдол эсгүүр, мужаан, дугуй засварын тоног төхөөрөмж энэхүү зээлээр голлон авч байгаа ба 2009 оноос эхлэн олгосон зээлийн эргэн төлөлт хийгдэнэ. 2004-2008 онд орлого нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, аж ахуй эрхлэх чиглэлүүдээр нийт 7.5 мянга гаруй иргэдийг хамруулсан сургалтуудыг явуулсан. Орлого бий болгох үйл ажиллагаа дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд сургалт явуулж, тоног төхөөрөмж олгохын зэрэгцээ бизнес эрхлэх чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулснаар 600 гаруй байнгын ажлын байр бий болгож, 250 гаруй жижиг бизнес, үйлдвэрлэлийг эхлүүлэх буюу өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байгаа ба, ядуу, орлого багатай иргэд барьцаагүйгээр бага хүүтэй тоног төхөөрөмжийн зээл болон хөнгөлөлттэй хэлбэрээр тоног төхөөрөмж авах боломжоор хангагдаж, ингэснээр хөдөөгийн иргэд өрхийн болон бүлгийн бичил бизнес эрхлэн орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байна.

Хүнсний ногоо тариалалт

Хүнсний ногоо тариалалтын хүрээнд ногоочид ногооны тоо төрлийг олшруулан тариалж, өндөр амжилтанд хүрч байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор хөтөлбөрөөс нийт давхардсан тоогоор мянга гаруй айл өрхийг дэмжсэн ба эдгээрээс 500 орчим нь арилжааны чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна. Хөтөлбөрийн зүгээс жил бүр хүнсний ногооны үр, хүлэмж, зоорь барих материал, бага оврын бороожуулагч, трактор зэрэг бодит дэмжлэгийг өрхүүд болон бүлгүүдэд үзүүлж, сургалтанд хамруулсан. Нийт газар тариалангийн чиглэлийн 9 бага оврын трактор, 36 бороожуулагч олгосон ба 42 зоорь, 183 улирлын чанартай хүлэмж байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Төмс хүнсний ногоо тариалахад үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд хөдөөгийн иргэд, малчдын дунд хүнсний ногоо тариалах сонирхол нэмэгдэж, технологийн мэдлэг дээшилж сүүлийн жилүүдэд бие даан тариалалт эрхэлж буй өрхийн тоо өссөн, хөдөө орон нутгийн ард иргэд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангагдаж, хүнсний аюулгүй байдал сайжирсан, сумдад зоорь барих дэмжлэг үзүүлснээр хураан авсан ургацаа чанарыг нь алдагдуулахгүй хадгалах, тухайн орон нутгийн хэрэгцээг урт хугацаанд хангаж, орлого ашгаа нэмэгдүүлээд зогсохгүй төмс, хүнсний ногооны үрээ хадгалж, тариалалтаа тогтвортой үргэлжлүүлэн авч явах боломжтой болсон гэх мэт нааштай үзүүлэлтүүд гарсан.

No comments: