Thursday, October 15, 2009

УИХ-ын гишүүн Р. Гончигдорж Архангай аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Р. Гончигдорж өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Чулуут, Тариат, Хангай, Цахир, Цэнхэр зэрэг нийт есөн сумдад ажиллаж, иргэд сонгогчидтой уулзан УИХ-аас батлагдсан хууль, тогтоомж болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.


Энэ үеэр нутгийн иргэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд сум болгонд хуваарилж байгаа зээл тэгш бус, бүх төслийн хөрөнгийг аймгийн удирдлагууд мэдэж, хуваарилалт хийдэг тухай болон сумын ИТХ, Засаг даргын эрх мэдэл түүнд хүрэхгүй байгаа тухай гомдол мэдүүлсэн юм. Тиймээс цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тухайн орон нутаг мэдэж, хариуцан зохион байгуулдаг болох нь хүндээ хүрсэн хөтөлбөр болно гэж үзэж байна. Мөн банкнаас шаардаж буй барьцаа хөрөнгө амьдралд нийцэхгүй байгаа талаар ч шүүмжиллээ. Иймд малчид банкны барьцаа шаардах нөхцөлд даатгалд хамрагдсан малыг барьцаанд тавьдаг болох тэр эрх зүйн зохицуулалтыг хуулийн хүрээнд тусгаж өгөх шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлсэн юм.


Түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлага санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, сумдын бие даасан байдлыг хангах, хүн ам, газар нутгийн хэмжээ, тогтоц, төвөөс алслагдсан байдлыг харгалзаж зардлыг ялгавартай тогтоодог болох. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд өвс, тэжээлийг улсын нөөцөөс бэлэн мөнгөөр худалдаж авдгийг зээлээр олгуулах, хадлан, тэжээлийг сумдад урьдчилсан байдлаар татсан байх ёстой талаар сануулсан юм. Сум болгонд усны асуудал хүнд, тэр дундаа худаг гаргах болон усны хайгуул дээр анхаарахыг малчид хүсч, эрхэм гишүүн газар дээр нь шийдэж болох зарим асуудлыг шийдвэрлэж, ажил болгосон.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Р. Гончигдоржийн санаачилгаар Цахир суманд баригдсан 120 хүний суудалтай, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон номын сантай Соёлын төвийг нээж, Архангай аймгаас төрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Оросоогийн нэрэмжит болгосон юм.

Эрхэм гишүүн төрсөн нутагтаа долоо хоног ажиллах хугацаандаа Архангай аймгийн Тариат суманд шинээр баригдаж байгаа 320 хүний суудалтай, 12х24 метр талбайтай спорт заал бүхий сургуулийн барилгын өргөтгөлийн ажилтай танилцаж, дунд сургуулийн багш, сурагчидтай уулзсан юм. Барилгын өргөтгөлийн ажил одоогоор 90 хувьтай явж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох аж.

Дараа нь эрхэм гишүүн 40 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Чулуут сумын улсын тэргүүний цэцэрлэгт зочилсон. Энэ үеэр цэцэрлэгийн авьяаслаг бяцхан үрс ая дуугаа өргөж, бүжиг наадмаа сонирхуулж, гишүүний хайрыг татсан юм.

Дашрамд сануулахад, тус цэцэрлэгийн гаднах талбайг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р. Гончигдорж, Н. Батбаяр, С.Ламбаа нарын хандиваар тохижуулсан юм байна.

Г.Нар

http://www.demparty.mn/index.php?option=com_content&view=article&id=375:2009-09-28-17-43-57&catid=29:2009-03-24-04-19-48&Itemid=77
http://www.vip76.mn/gonchigdorjpg/369-xevleliin-toim/6530-uix-yn-gishuun-r-gonchigdorj-arxangai-aimagt-ajillaa.html

No comments: